Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх
Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс
зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий.
Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс
нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан
тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын
нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн
удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж
байсныг харуулж байна.
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон
мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний
шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр
гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн
гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж
байлаа.
Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй,
төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө"
нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна.
Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд
"Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын
дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд
(худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан
ажиллуулж байжээ.
Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл
хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон
устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ.
Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон
металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

No comments:
Post a Comment