Wednesday, December 3, 2014

Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг гүйлгээнд оров.
Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.
Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.
Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.
Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа.
1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ.
Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа.
 

No comments:

Post a Comment