ИЛ ХААДЫН ЗООСОН ДЭЭРХ МОНГОЛ БИЧЭЭС
Их Монгол улсын Илхаант улс
(Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон
100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12
нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт
тодорхой болжээ.
Их
Монгол улсын 800 жилийн ойг тохиолдуулан Монголын зоос судлаачдын
холбооноос 2006 оны 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Монголын
эзэнт улсын зоосон мөнгө” үзэсгэлэнд дээрхи зооснууд тавигдсаныг үзсэн
хүмүүс сайн санаж байгаа байх.Илхаадын зоосон дээрхи араб бичээсийг
үндсэнд нь тайлж тодруулсан гэж үздэг бөгөөд харин монгол бичээсийн
тухайд өнөө хэр нь гүйцэд тайлагдаагүй буюу маргаантай хэвээр үлдсэн үг
үсгийг цаашид судлаж тогтоон нэг мөр болгох нь монголчууд бидний хийх
ажил даруй мөн юм. Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал
болон хадгалагдаж ирсэн зоосон мөнгөний монгол бичээсийг уншиж тайлах нь
манай түүх, бичиг соёлын уламжлалыг хадгалан хамгаалахад зохих хувь
нэмэртэй болох буйзаа. Энэ үүднээс би урьд өмнө тайлагдаагүй байсан
зарим үгсийн талаар судалж үзсэнээ дор толилуулж байна.Илхаант улсыг
үндэслэгч Хүлүг хаан овог удмынхаа тамга бүхий алт, мөнгө, зэс зоос
гаргаж байсан боловч тэдгээр нь бүгд араб бичигтэй байжээ. Юутай ч өнөө
хэр нь Хүлүг хааны гэх монгол бичээстэй зоос олдоогүй, энэ тухай мэдээ
таамаглал гараагүй байна.Хүлүг хааны дараа Илхаант улсын төрийг
залгамжлан барьсан Абага (1265-1282он), Ахмад (1282-1284он), Аргун
(1284-1291он), Гайхат буюу Ринчиндорж (1291-1295он), Байду (1295он)
хаадын зоос монгол бичээстэй байсан бөгөөд ялангуяа тэдгээрийн хэв
загвар, бичлэг, бичээсийн маяг, үгсийн бүтэц хоорондоо төстэй
байдаг.Дээр дурдсан таван хааны мөнгөн зоосон дээрхи монгол бичээсийн
байдлыг Зураг 1-д үзүүлэв:

ХАГААН
НУ НЭРЭБЭР АБАГА ИИН (АХМАД ...АРГУН...РИНЧИНДОРЖ...БАЙДУ)ДЭЛДҮҮЛСЭН –
гэсэн бичээстэй байдаг ба хамгийн сүүлчийн мөрөнд араб хэлээр хаан тус
бүрийн нэрийг бичжээ.Эдгээр мөнгөн зоосон дээрхи монгол бичээсийн талаар
“Монголын эзэнт улсын зоосон мөнгө ба хаадын овгийн тамга”
(2005.Улаанбаатар) номоос дэлгэрэнгүй үзэж болно. Уг номонд дээр дурдсан
таван хааны мөнгөн зоос төдийгүй алтан зоосны тухай тодорхой
тайлбарласан байгаа. Гэвч алтан зоосны зарим бичээсийг тухайн үед гүйцэд
тогтоох боломжгүй байсан тул таамаг төдий зүйл бичихээс зайлсхийх
үүднээс дэлгэрэнгүй тайлбар хийлгүй орхисон билээ. 2006 оны 7 сард миний
бие Абага хааны нэгэн алтан зоос олж үзсэн бөгөөд энэ нь монгол бичээс
нь бүрэн гүйцэд гарсан нэн сайн зоос байв. Би өөрийн судалгааны архивт
байсан Абага хааны нилээд олон алтан зоосны бичээсийг энэхүү шинээр
олдсон зоосны зурагтай харьцуулан үзсэнээр уг зоосны бичээсийг бүрэн
унших боломжтой болсон юм. Абага хааны алтан зоосны монгол бичээсийг
сийрүүлбэл:
