Thursday, October 2, 2014

Сергей Брин

141 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн номер нэг интернэт хайлтын систем болох Google-ийг үндэслэн байгуулагчдын нэг Сергей Брин нь 1973 оны 8 дугаар сарын 21 ны өдөр Москвагийн нэгэн Еврей гэр бүлд мэндэлжээ. Одоогоор 34 настай Сергей Брин нь Google ийн технологи хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгө 16,6 тэрбум ам.доллараар тоологдон дэлхийн 26 дахь, АНУ-ын 9 дэх баян хүнд тооцогдож байна. Дэлхий дээр амьдарч буй 6 тэрбум гаруй хүнээс тэрбумтан болж гарна гэдэг тийм ч амар бус. Тэр тусмаа 30 насандаа энэ амжилтад хүрнэ гэдэг бол бүр хэцүү зүйл. 2007 оны байдлаар манай гариг дээр нийт 793 тэрбумтан байдгийн дөнгөж 1% нь буюу 6 нь л 35 хүрээгүй залуус байдаг байна. Эдгээр 6 залуусын 2 нь хөрөнгөө бусдаас өвөлж авсан, 4 нь өөрийн хүчээр хөрөнгөө босгосон байна. Сергей Брин бол өөрийн хүчээр хөрөнгөө бий болгосон 4 хүний нэг ба тэр дундаа хамгийн залууд тооцогддог.

Сергей Бриний эцэг эх хоёул математикчид байсан учир тэдний нөлөөгөөр тэр бага наснаасаа математикийн ухаанд суралцаж эхэлсэн. Энэ нь түүний цаашдын амьдралд маш их нөлөө үзүүлсэн юм. 1979 онд түүнийг 6 настай байхад нь түүний гэр бүл АНУ-руу цагаачлан гарч тэндээ сууришан амьдарснаар Сергей Бриний шинэ амьдрал эхэлжээ. Тэрээр Мэриландын энгийн нэгэн бага сургуульд элсэн орсон ба түүний эцэг хүүгийнхээ боловсролд нилээд анхаардаг нэгэн байсан учир хичээлээс гадуур хүүдээ гэрээр маш их зүйлийг зааж сургадаг байв. Сүүлд хүүгийнхээ амжилтын талаар Сергей Бриний ээж хэлэхдээ: "Үнэхээр үнэмшихэд хэцүү. Сергей багаасаа математик, компьютерт сайн, маш чадварлаг байсан ч ийм түвшинд хүрнэ гэдгийг хэзээ ч төсөөлж байгаагүй" гэжээ.

No comments:

Post a Comment